34 ДЭХ ТОХИОЛДЛЫН ДАРАА ЯМАР ЯМАР ШИЙДВЭР ГАРАВ

Монгол Улсад коранавируст халдварын 34 дэх тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,  энэ сарын 18-нд Монгол Улсад Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бүтээгдэхүүн тээврийн жолоочийн хариу эерэг гарч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон гэдгийг өчигдөр үдээс хойш ЭМЯ-аас мэдээлсэн юм. 

Тухайн тохиолдлын хувьд хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хүртэл явсан бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь бүлийн хүнтэй нь хамт тусгаарлаад байжээ. Тухайн хүний ойрын хавьтлын хүмүүсийн судалгааг эхлүүлсэн бөгөөд бүгд хамгаалах хувцас хэрэглэлтэй байсан гэдгийг ЭМЯ-аас онцолсон. 

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

Энэ мэдээллийн дараа буюу 18.30 цагаас УОК шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаанаас шинэ коронавируст халдварын тохиолдол нэмэгдээд байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах  хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өчигдрийн 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас аль ч чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу аль ч чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарлав. Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэл болон аймгийн Онцгой комиссууд хуралдаад нарийвчилсан журам гаргахыг үүрэг болгосон юм. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Энэ дагуу нийслэлийн Онцгой комисс хуралдаж холбогдох шийдвэрүүд гаргасан юм. 

Тодруулбал, нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргав. Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын албан хаагчид ажиллахаа мэдэгдлээ. Мөн шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе. Маргаашнаас /өнөөдөр/ эхлэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай өгч ажиллана хэмээн холбогдох албаныхан мэдэгдэв.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Гарсан шийдвэрүүдтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Шийдвэр гарахаас өмнө нийслэл хотыг зорьсон, замдаа яваа иргэдийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл асуумж бөглүүлэн нэвтрүүлсэн. Үүнээс хойш товчоодоор тээврийн хэрэгсэл болон иргэдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлсэн” хэмээн мэдэгдлээ.Ийнхүү Оршин суугаа газраа, орон гэртээ хязгаарлалтын дэглэм сахих уриалгыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж, холбогдох шийдвэр гаргаад байна. 

admin

Read Previous

О.БААСАНХҮҮ Н.ЭНХБАЯРЫГ ОРХИЖ С.ЭРДЭНИЙГ СОНГОЛОО

Read Next

ДАРХАНЫ ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО, ОРОХГҮЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *