Т.БАЯРХҮҮ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ДУУДАН ИРҮҮЛЭХ ПРОКУРОРЫН МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮҮ Ц.ЭРДЭНЭД ХОЁР УДАА ӨГСӨН

Өнгөрсөн баасан гарагт Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн. Түүнийг ирсэн даруйд нь баривчлана гэх мэдээлэл гарч байсан ч түүнийг тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болсон юм. 
 Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан “Өнөөдөр” сонинд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон юм. Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний халдвар тархаж, Монгол Улсын хэмжээнд онцгой дэглэм үйлчилж байна. Улсын онцгой комиссоос гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгон сунгаж шийдвэрлэсэн. АТГ уг шийдвэрийг зөрчиж, тухайн этгээдийг цагдан хорьж, байцаалт мэдүүлэг авах боломжгүй. Хилийн чанадаас ирж буй бүх хүнийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж, ажиглалтад оруулах ёстой. АТГ-аас цагдан хорих асуудал тавиагүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул дээр дурдсан ажиллагааг хуулийн дагуу явуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд явагдах ёстой” гэжээ. 

admin

Read Previous

УЛААНБААТАР ХӨГЖИХ ҮҮ, ”УРТ ЦАГААН” ҮЛДЭХ ҮҮ ГЭДГИЙГ ТӨРИЙН ”ТӨМӨР НҮҮР”-ЭЭР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

Read Next

УИХ-ЫН ОТГОН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *