П.Болдхуяг: Гол уулзваруудад гүүрэн гарц барьж, гэрлэн дохиололгүй болговол түгжрэл буурна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах талаар маш олон төрлийн санал санаачилгыг хүмүүс гаргаж байгаа. Түүний төлөөлөл болох иргэн П.Болдхуягтай гүүрэн гарцаар асуудлыг шийдэж болох талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж болох сонирхолтой санааг дэвшүүлж буй гэсэн. Чухам ямар шийдлийг санал болгож байгаа вэ?

-Сүүлийн  хоёр гурван жил энэ талаар сонирхож, улмаар зам гүүрийн инженер найзууд, танилуудаасаа асуун ярилцаж,  судалж явна гэх үү дээ. Би өөрөө  энэ чиглэлийн мэргэжлийн хүн биш болохоор бас л нэг хийрхэгч байна гэх болов уу гэж үнэндээ жаахан санаа зовж байна. Гэхдээ яахав холбогдох ажилтнууд мэргэжилтнүүдэд санаа оноо илүүдэхгүй гэж бодоод өөртэй чинь ярилцахаар шийдлээ. Ер нь бол хот доторх олон тооны уулзварууд дахь гэрэл дохиог хүлээн зогсох ачааллаас л түгжрэл эхтэй гэж үздэг юм байна.

Ачаалал ихтэй замын уулзвар дээр хоёр төвшний авсаархан гүүр гарц бариад,  бүх эргэлтүүдийг чөлөөтэй болгочихвол гэрэл дохиоллын шаардлага байхгүй болох нь тодорхой шүү дээ. Энэ л санааг дэвшүүлж, үүнд зохицсон загварын талаар л ярьж байгаа юм.

 -Гүүрэн гарц гэдгээ та тодорхой тайлбарлаач. Манайхан гүүр гэхээр л Замын цагдаагийн гүүр гэдгээр л төсөөлөөд байдаг?

-Манайд барьж байгаа гүүрүүд мэргэжилийн ангиллаар бол томдоо ордог юм байна. Замын цагдаагийн гүүр гэхэд 500 метр. Яармагийн гүүр ч мөн дээгүүртээ орно. Бидний яриад байгаа нь гүүр бус гүүрэн гарц. Хоёр замын уулзвар дээр л нэгний нь дээгүүр эсвэл доогуур гарц барих тул богино буюу бага ангилалдаа орно. Зам гүүрийн талаарх норм стандарт, жишиг үнэ гэж байна. Түүгээр нь тооцож үзвэл ихээхэн хямд төсөр тоо гарч байгаа.   Төсөл санаа бүрэн утгаараа хэрэгжвэл хөдөлгөөний урсгал зохиомол саадгүйгээр үргэлжилж, түгжрэл багадаа 50 хувиар буурах боломжтой. 

-Гэрлэн дохиогүй гэхээр хүмүүс маш их гайхах байх. Баруун, зүүн эргэх эргэлтийг яаж зохицуулах вэ гэдгээс авахуулаад сонирхох зүйл их байна?

-Гүүр болон нүхэн гарц нь хөндлөн замынхаа дээгүүр болон доогуурх шулуун хөдөлгөөнийг шийдэхийн зэрэгцээ хажуу талын дөрвөн оролт,  гаралтаараа баруун зүүн эргэх урсгалыг зогсолтгүйгээр үргэлжлэх боломжийг бүрдүүлэх юм. Харин мэргэжлийн инженерүүд хэлж байгаа. Юу гэхээр гол уулзваруудаа гэрлэн дохиогүй болголоо гэхэд туслах уулзваруудыг яах юм, явган гарцыг яаж шийдэх вэ гэж байна билээ.

Энд ачааллаасаа л хамаарна. Ачаалал ихтэй том уулзварт яах аргагүй гарц барихаас өөр аргагүй. Харин ачаалал багатай уулзварт дүрмээрээ зохицуулж болно. Гол нь нэг чигийн урсгалтай л болгох маш чухал. Нэг жижиг уулзвараас машин орж ирээд, хоёр тийшээ эргээд байдаг.  Түүнийг болиулаад,  нэг чигийн урсгалд оруулах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, манай Офицеруудын ордон, Чулуун овооны уулзвар бас бус жижиг уулзваруудад гэрлэн дохио байхгүй,  дүрмээрээ зохицуулагдаад, урсгалаараа явчихдаг. Харин явган зорчигдын хувьд бол одоо шийдээд явж буйгаараа замын дээгүүр доогуур нэг загварын гарцууд барих нь хаа хаанаа аюул осол, чирэгдэл багатай. 

-Гадны орнуудад яг ийм маягаар, уулзваруудыг гүүрэн гарцтай болгож, түгжрэлээ шийдсэн улс байна уу. Та судалж үзсэн байх?

-Гадаад орнууд түгжрэлээ яаж шийдэж буйг боломжоороо л үзэж харьцуулж, сонирхож ирлээ. Нүсэр нүсэр сайхан гүүр гарцууд барьж, нийтийн тээврээ дээд зэргээр хөгжүүлэх зэргээр асуудлыг олон талаас нь судалж,  шийдэж байгааг бүгд л мэдэж буй болохоор яриад илүүц. Гэхдээ гэрлэн дохиогүй болгоод, жижиг уулзвараа нэг чигийн урсгалд оруулаад, түгжрэлээ бүрэн шийдсэн улсын талаар одоогоор олж чадаагүй л байна. Дэлхийн бүх хотод очсон гэж худал яриад яахав. Гэхдээ цөөнгүй газраар явж, интернет, ном сонин үзэхэд тийм улс алга. Харин олон давхар гүүр бариад, түгжрэлийнхээ асуудлыг зохих хэмжээнд шийдсэн улс мэдээж байлгүй яахав. 

Гарц барих боломжтой долгионт хоолой

 -Гүүрэн гарц барихад газар бага шаардагдана гэсэн. Таны санаачилсан гүүрэн гарц хэдэн метр урттай байх юм бэ?

-Дөрвөн замын уулзвар байлаа гэхэд гүүрэн гарц, холболтууд нь замуудаа дагаад хийгдчих болохоор зай талбай харьцангуй бага шаардагдана. Уртын хувьд замын дээгүүр доогуур л тавигдана гэхээр шалихгүй байгаа биз. Харин өгсөж уруудах  налуу буюу гарц-замын холболтын хэсэг нь тодорхой стандарттай болохоор 50-60 метр орчим урттай байна. Гэхдээ хальтиргаанаас хамгаалсан хаалт нөмрөг хийчихвэл хамаагүй богино байж болох юм билээ. Иймэрхүү бага ангиллын гарцыг төмөр бетон хийцүүд, долгионт хоолой зэргээр манайхан газар дээр төвөггүй угсраад барьчих боломжтой гэж мэргэжлийнхэн хэлж байгаа. Харин төмөр бетон хийцийн тулгуур цутгахад бүрэн хатах хугацааг удаан хүлээх шаардлагатай бол долгионт хоолой ашиглахад шууд угсарч хучаад л замын ажлын стандартаар хийх болохоор богино хугацаанд бага зардлаар хийнэ гэж зам гүүрийн нөхөд хэлж,  ярьж байгаа.         

admin

Read Previous

Консулын үйлчилгээг цахимаар үзүүлж байна

Read Next

Д.ГАНБАТ: ЦАХИМ СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *