КОРОНАВИРУС ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ДОРГИЛТ ҮҮСГЭЖ БАЙНА

Дэлхий нийтийг цочроогоод буй шинэ төрлийн коронавирусын халдвар 116 оронд тархаж, 118326 мяган хүн халдвар авч, нийт 4292 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Харин манай улсад Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусын халдвар илэрсэн. Харин түүнтэй нэгдүгээр хавьтлын 126 хүн халдвар аваагүй эерэг мэдээлэл бий.

Пандемик буюу цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавирусын дэгдэлт дэлхийн эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт муугаар нөлөөлөх нь тодорхой болоод байна.

Тухайлбал, БНХАУ-ын иргэд аялал жуулчлалд хамгийн их мөнгө зарцуулдаг. 2015 онд 100 сая хүн нь гадаад улс оронд аялсан бол 2018 он гэхэд 160 саяд хүрч, 288 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо бий. Хятад жуулчид хүлээж авдаг улсууд энэ хэмжээний мөнгө олох боломжоо алдана гэсэн үг. Үүнээс болж олон улсын аялал жуулчлалын салбарт доргилт үүсэх юм байна.

Олон улсыг хамарсан өвчин тахал нь эдийн засгийн ул мөр заавал үлдээж байдаг. Тухайлбал, эбола вирусын халдвар дэгдсэнээс болж Африк тив 53 тэрбум ам.долларын хохирол амссан гэсэн статистик бий. Аялал жуулчлал, бусад салбараас олох байсан орлогоо алдаж, голомт болсон Конго улсад одоо ч байдал хүнд байна.

Энэ 2020 онд олон улсын аялал жуулчлалын өсөлт 3.0-4.0 хувийн өсөлттэй байх таамгийг Мадрид хотод төвтэй Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Хэдийгээр энэ онд болох зуны Олимпийн наадам, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын томоохон арга хэмжээнүүд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боловч Хятад улсад гарсан коронавирусын халдварын тархалт дэлхий нийтээр хөл хорих магадлалтай.

Дэлхий нийтийг цочроогоод байгаа коронавирусын тархалт, өвчлөл нь манай улсад илрэхгүй бол нэг талаар Монгол Улсын аялал жуулчлалд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Учир нь дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Ази-Номхон далайн оронд чиглээд байсан. Аялал жуулчлалын голлох орон БНХАУ, Япон, БНАСУ, Австрали, Тайван, гэх мэт орнуудад коронавирус тархсан нь жуулчдын хувьд халдварт өвчний голомт болсон оронд аялах нь тийм ч таатай бус юм. Тэгвэл бид коронавирусын тархалтгүй байгаа орны хувьд энэ жил аялал жуулчлалын салбарт дорвитой анхаарч жуулчдын тоог өсгөх боломж гэж судлаачийн хувьд харж байна.

admin

Read Previous

МОНГОЛБАНК АЛБАН ЁСНЫ СЕРТИФИКАТ БҮХИЙ ҮНЭТ МЕТАЛЛЫГ БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ХҮСЭЛТЭЭР ХУДАЛДААЛНА

Read Next

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ШУГАМ БАРИХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *