ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД ЯЛ ТӨЛӨВЛӨСӨН ГЭВ ҮҮ

Экс Ерөнхийлөгч хуулийн байгууллага дуудсан үед “Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно” хэмээн мэдэгдэж байв. Түүнийг жилийн өмнө АТГ-аас дуудахад дээрх амлалтаа биелүүлж байгаагаа твиттер хуудаснаа зурагжуулан оруулсан байв. Тэгвэл экс Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагууд шалгаж дуусаагүй бөгөөд эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарлаа. Тодруулбал, АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнтэй холбогдуулан өөрийн твиттер хуудаснаа  “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ. Тайлбараа ТТ-н асуудал тавихад л өгсөн. Нөгөө алдарт 178 хуудас материалаар. Өөрийн хийсэн үйл бол тайлбар байтугай өгч болно. Хүн үйлдсэн гайгаа чамд үүрүүлээд тайлбар шаардаад байвал өөрөө яах уу? Тэгээд одоо бүр ял төлөвлөж сууна гэнэ” хэмээн бичжээ. 

Үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Нийслэлийн прокурорын газраас дуудсан билээ. Тухайн үед тэрбээр мөн л гадаадаас “Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал, цуглаанд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж тодруулах зүйл гарсан бололтой юм. Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна.  Би зугтаад хаачих вэ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн,  уулзалтынхаа урилга хөтөлбөрийг хүргүүлсэн. Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо очно” хэмээн бичиж байв. 

Ийнхүү экс Ерөнхийлөгч “Монгол очно” гэж цахим хуудсаараа мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын сар өнгөрлөө. Тэр энэ хугацаанд эх орондоо ирээгүй ч өөрт нь ял төлөвлөсөн тухайгаа бичжээ. 

admin

Read Previous

1,072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ТАРААХААР БОЛЛОО

Read Next

НИЙСЛЭЛЭЭС ӨГСӨН ҮҮРГИЙН ДАГУУ АВТОБУС КОМПАНИУД АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *