”АЭРОСИТИ”, ”МАЙДАР” ХОТЫГ ХЭРХЭН БАЙГУУЛАХ ВЭ

Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт хүн амын 67 хувь буюу 2,2 сая нь хот, суурин газарт амьдарч байгаа. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1,4 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их дээд сургуулиудын дийлэнхи хэсэг нь буюу 88.5 хувь нь байршиж, түүнд нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байгаа. Иймээс нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан “Аэросити”, “Майдар” хотыг хөгжүүлэх асуудал яригдаж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн сард энэ асуудлыг хэлэлцэж чиглэл өгснөөр өнгөрсөн долоо хоногт “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. 

Тогтоолын төсөлд тусгаснаар Аэросити хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Тодруулбал, Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох юм байна. 

Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн зарим их дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. 

Тогтоолын төсөл батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тоггвортой хөгжих болон хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх боломжтой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

admin

Read Previous

ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ ТОГТООЛООР ШОНХОРОО ГАРГАСААР БАЙХ УУ

Read Next

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ХИЛИЙН БООМТУУДАД АЖИЛЛАНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *