Д.Аюуш: 2020 онд “Саарал жагсаалт”-аас гарах төлөвлөгөө гаргаад эрчимтэй ажиллаж байна

Монгол Улс FATF Олон улсын байгууллагын тусгай хяналтад буюу “Саарал жагсаалт”-д орсон.  Тэгвэл манай улсын төлөөлөл  өнгөрсөн хугацаанд Монгол Улс ямархуу ажил хийж, ямар үр дүн гаргасан талаараа тус байгууллагад тайлагнаад ирсэн билээ. Энэ  талаар  Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюушаас тодрууллаа. 

-Сая  Бээжинд болсон  тайлан хуралд оролцсон. Ямар үр дүн гарсан бэ.  “Саарал жагсаалт”-аас гарах асуудал юу болж байгаа вэ?

-Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн уулзалт нэгдүгээр сарын 16-23-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод боллоо.  Энэ хуралд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ахалсан хамтын ажиллагаан зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөл болох 30 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, тайлангаа танилцуулж, хамгаалсан.  Манай улс FATF -аас үндсэн үр дүнтэй хэрэгжилтийн шууд тайлагналтын 4 асуудалд 6 даалгавар авсан. 

Нэгдүгээрт, шууд хэрэгжилт 3 буюу банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатчид, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт, шалгалт хийх болон зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээ хангалтгүй байна гэж үзсэн. Улмаар хоёр даалгавар өгсөн байдаг. Тэгвэл энэ хоёр даалгаврын нэгийг нь хангалттай биелүүлсэн гэж Бээжин явсан баг мэдээлсэн.  

Шууд хэрэгжилт 7-д мөн даалгавар авсан. Энэ нь мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос нэмэгдсэн боловч гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхийн шийдсэн хэргийн тоо хангалтгүй байна гэсэн.  Энэ талаар ямар нэг ахиц гараагүй гэдэг дүгнэлтийг өгсөн.  Шууд хэрэгжилт 8-тай холбоотой нэг даалгавар авсан. Хилээр бэлэн мөнгө нэвтрүүлэхгүй байхад анхаарах,  худлаа мэдүүлж нэвтрүүлэх хэрэгт авах арга хэмжээг цаашид сайжруулах шаардлагатай. Энэ зөрчилд тохирсон хариуцлагыг тооцдог  байх ёстой гэсэн даалгавар өгсөн. Энэ даалгаврыг хангалттай биелүүлсэн, ахисан гэдэг үнэлгээг авсан. 

-Манай улс үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын эсрэг хуулийг баталсан. Тиймээс шууд хэрэгжилт 11-тэй холбоотой өгсөн даалгаварыг биелүүлсэн гэж үзсэн байх?

Шууд хэрэгжилт 11 буюу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд дутагдал байна. Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг сайжруулах шаардлагатай гэсэнд хоёр даалгавар өгсөн байдаг.  Энэ хоёр даалгаврын нэгийг нь хангалттай биелүүлсэн байна гэж үзсэн.  Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтэй тэмцэх хуулийг баталсан. Энэ хуулийг дагаад 11 хуульд нэмэлт, өөрчлөлт орсон.  Тиймээс богино хугацаанд, сайн хэрэгжүүлсэн байна, урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй ажиллажээ гэж үнэлсэн. 

Үндсэндээ 4 асуудалд 6 даалгавар авсан. Өнгөрсөн хугацаанд 6 даалгаврын 3-ыг нь хангалттай биелүүлсэн гэсэн үнэлгээ авсан. Ийм л ахиц дэвшилтэйгээр тайлангийн хуралд оролцоод ирлээ.  

-2020 онд багтаж “Саарал жагсаалт”-аас гарах боломж байгаа юу?

-2020 онд багтаж гарна гэсэн төлөвлөгөөтэйгээр Засгийн газар, Монголбанк, СЗХ, хууль сахиулах байгууллагууд хамтарч, төлөвлөгөө гаргаад, нэлээд эрчимтэй ажиллаж байгаа.  

admin

Read Previous

Б.БАЯРМАА: САНХҮҮГИЙН ХАРИЛЦАГЧ ТАНЬ МЭДЭЭЛЛЭЭ СОЛЬСОНОО ЦАХИМААР МЭДЭГДВЭЛ ЗААВАЛ ЭРГЭН НЯГТЛААРАЙ

Read Next

Он гарснаас хойш нэгдүгээр эгнээгээр зорчсон 25 мянган зөрчлийг бүртгэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *