ДЭМБ: Шинэ коронавирус мутацид орсныг нотлох мэдээлэл байхгүй байна

ЖЕНЕВ. /TASS/. БНХАУ-д дэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирус хэлбэрээ өөрчилснийг нотолсон мэдээлэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ байхгүй байна гэж Женевт нийтлэгдсэн тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ.

“Вирус өөрчлөгдсөний нотолгоог ДЭМБ хүлээж аваагүй. Бид БНХАУ-ын албаны хүмүүсээс нэмэлт мэдээлэл хүлээж байна” гэж тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.

Шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний хүнээс хүнд халдварладаг чадвар эрчимжиж, улмаар халдварын тархалтын байдал шинэ, илүү хүнд шатандаа шилжсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны дарга Ма Сяовэй ням гарагт Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

ДЭМБ-ын мэдээлэлд цохон тэмдэглэснээр, одоогийн дэгдэлтэд хийсэн тооцооллоор “2019-nCoV” вирусний халдварын далд үе нь 2-10 хоног үргэлжилдэг байна. MERS /Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж/ зэрэг коронавирусээр үүсгэгдэг бусад өвчний дэгдэлтийн үед “халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс бусдад халдвар тараах боломжтой байдаг” гэж тус байгууллага цохон тэмдэглэсэн байна.

admin

Read Previous

“Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлт төрийн ордонд эхэллээ

Read Next

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ХОЙШИЛЛОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *