“Саарал жагсаалт”-ыг хэрхэн хүлээн авах вэ

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д  багтсан гэдгийг өнгөрсөн баасан гарагт зарлав. Монгол Улсын баг найм болон есдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалтад оролцож, тайлангаа танилцуулсан. Харин энэ сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсад өгсөн “даалгавар”-ыг хэрхэн биелүүлсэн эсэхийг хэлэлцэж ийнхүү “дүн” тавилаа. 
Тэгвэд “саарал жагсаалт” гэж юу вэ 
 “Саарал жагсаалт” бол монголчуудын хувьд шинэ зүйл биш. Яагаад гэхээр өмнө нь монголчууд 2013 онд ороод 2014 онд гарсан байдаг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн юм. FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.
“Хар”, “саарал” жагсаалтад орвол юу болох вэ?
-Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах
-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах
-Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах
-Тухайн жагсаалтанд орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох
-Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, буцаах
-Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох
-Монгол Улсын хувьд ямар эрсдэл үүсээд байгаа вэ?

“Саарал жагсаалт”-д багтсантай холбоотойгоор Төв банк дараах анхааруулгыг хүргэж байна
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргалаа.
Энэхүү мэдэгдэлд 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна.
ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна.
Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжраад байна. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэж байна. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна.

admin

Read Previous

Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг монгол руу хөтөлсөн

Read Next

Налайхын шинэ замыг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *