С.Амарсайхан: Хэзээ баригдаж, ямар ашиг орлоготой байх нь ч ойлгомжгүй метро барина гэж сэтгэлийн хөөрлөөр хандахгүй

Өвлийн улирал айлчлан ирж буй энэ үед утаа бууруулах шахмал түлшний талаар, мөн замын түгжрэлийг хэрхэн буруулах вэ гэх асуудлаар Нийслэлийн засаг дарга С.Амарсайханаас тодрууллаа.

-Нийслэл хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байна вэ. Хичээл эхлэснээс хойш иргэд автобусны буудал дээр автобус хүлээсэн, ирсэн автобусанд суух гэж “дайн” болж байгаа байдал ажиглагдаж байна. Автобусны хүрэлцээ бага байна уу?

-Улаанбаатар хотод 980 гаруй автобус үйлчилгээнд явж байна. 80 гаруй хувь нь 2020 оны төгсгөлд хугацаа нь дуусч шаардлага хангахгүй болж байна. Тиймээс парк шинэчлэл хийх ажлыг төлөвлөж ажиллаж байна. Хэзээ баригдаж, ямар ашиг орлоготой байх нь ч ойлгомжгүй метро барина гэж сэтгэлийн хөөрлөөр асуудал ярих биш Улаанбаатар хотын бүтэц, газар нутгийн онцлог, иргэд оршин суугчдын амьдарч байгаа орчинтой уялдуулан түгжрэл бууруулах нийтийн тээврийн хэд хэдэн шинэ шийдлийг нэвтрүүлэхээр техник эдийн засгийн үнэлгээ нь боловсруулагдаад дуусч байна.

-Ямар шийдлүүд юм бол?

-Гэр хорооллын Баянхошуу, Дэнжийн мянга, Ханын материал, Тасганы овоо, цаашлаад Дэнжин мянга руу уул толгод дээр амьдардаг, такси байтугай жиип ч явах боломжгүй газарт амьдардаг иргэдэд зориулсан агаарын дүүжин тээврийн үйлчилгээ үзүүлэх төслийн техник эдийн засгийн үнэлгээ нь мөн хийгдээд дуусч байна.

-Түүнээс гадна Дэнжийн мянгаас босоо тэнхлэгтэй, Хан-Уул дүүрэгтэй, шинэ хуучин Нисэх рүү явсан түргэн зам буюу нэгдүгээр замын автобусны шинэ төслийн ажил эхлээд явж байна. Ирэх зун зургадугаар сар гэхэд бид эхний байдлаар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Эдгээр санаануудын техник эдийн засгийн үнэлгээг гаргачихсан. Санхүүгийн асуудлыг нь холбогдох байгууллагуудтай яриад шийдчих юм бол агаарын дүүжин тээврийг ирэх оны хоёрдугаар улиралд багтааж ашиглалтад оруулах боломжтой.

-Энэ хэтийн шийдлүүдээс наана замын түгжрэлийг бууруулмаар байна. Ямар шийдэл хайж байна вэ?

-Дундын тойргууд дээрээ автобусаа богино эргэлтэд оруулна. Таваншараас офицер хүртэл явдаг байсан бол богино эргэлттэй радиуст оруулаад, тээврийн хэрэгслээ цаг минутаар явуулж, иргэд сонголтоороо суух боломжийг бүрдүүлнэ.  Мөн түгжрэл бууруулах зорилгоор өдөр тутамдаа зарим нэг хязгаарлалт хийнэ. Тэгэхгүй бол бүгд зам дээр зогсчихоод байна. Хэнийх нь ч ажил амжихгүй. Хэн нь ч асуудлаа шийдвэрлэж чадахгүй, бүгд зам дээр бухимдаад, сигналдаад, бие биенийгээ харааж зүхээд. Өдөрт үнэтэй хоёр гурван цагаа зам дээр өнгөрөөж,  эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод яваад байх уу. Эсвэл нэг хэсэг нь ажлаа амжуулаад хоорондоо зохицож зорчдог хэлбэр лүү орохын тулд зарим нэг хатуу зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ.

-Ойрын хугацаанд гэхээр яг ямар арга хэмжээ авах юм бэ?

-Тэгш сондгойгоор явдгийг дахин эргэн хараад тооцоо судалгааг нь гаргасан. Зарим урсгалуудыг нэмэх, нэг чигийн урсгалд оруулах, олон нийтийн талбайг хашиж хаасан зам талбайг сэтлэх, чөлөөлөх, Энхтайвны гүүрний хоёр талд нүхэн гарцууд хийж эхэлж байна. Болж өгвөл энэ ондоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-Сайжруулсан нүүрсийг илч муу байна гэх мэдээлэл гараад байгаа. Та энэ нүүрсний чанарыг судалж үзсэн үү?

-Олон байдлаар, нэг дор долоон төрлийн зууханд хийж туршсан. Хэдэн цаг асч байна, хэр удаан халуунаа барьж байна, үнс нурам нь яаж байна гээд тал талд тооцоо судалгаатай хийгдсэн ажил. Хүмүүсийг дулаан халуун өвөлжүүлэх амин чухал асуудал учраас Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Одоогоор 160 мянган тонн түлш тараагдаад явж байна. Хүндрэлтэй асуудлууд бас бий. Иргэд өөрсдөө идэвхитэй, хариуцлагатай байх ёстой. Зөвлөмж зөвлөгөөг маш сайн харж, дор дор бүрнээ хичээж байж, хүн бүрийн оролцоотой байж үр дүнг нь харах асуудал.

admin

Read Previous

Улаанбуудайны урамшуулал Ч.Улаан сайдын толгойг “аврав”

Read Next

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *