Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмний мэдэлд очлоо

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр гараанаас гарсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгасан. Хуулийн дагуу “Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар шийднэ.” гэсэн заалттай. Иймээс олонхийн бүлэг Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард түмнээсээ асуух ёстой гэсэн шийдэлд хүрсэн юм. 

Улмаар өчигдрийн чуулганы хуралдаанаар улс орон даяар Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэв. Нэг үгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмний саналаар шийдвэрлэхээр болж байна. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард түмэн шийднэ гэсэн үг. 

Ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30,31-нд явуулна. Үүнд г 30 шахам тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. 

Ард нийтийн санал асуулга сонгуультай адил сонгуулийн насны иргэдийн саналыг авдаг. Ард нийтийн санал асуулгад сонгуулийн насны хоёр сая 112 мянга хамрагдах тооцоог Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан гаргасан тухайгаа хэлсэн. Санал асуулгыг иргэдээс хэрхэн авах талаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд дараах байдлаар заажээ.

3 дугаар зүйл. Санал асуулгын зарчим:

3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.

3.3.Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

3.4.Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

3.5.Иргэн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

3.7.Иргэн саналаа нууцаар гаргана.

Гадаад байгаа иргэдийн саналыг аравдугаар сарын 19, 20-нд авахаар төлөвлөсөн бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтарсан журам баталж, дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан зохион байгуулах юм.

УИХ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг та дэмжих үү” гэсэн ганцхан асуултыг иргэдээс асууж тийм, үгүй гэсэн хоёр хоёр хариултын аль нэгийг сонгуулахаар төлөвлөж байгаа. Харин Ерөнхийлөгч нэгэнт ард түмнээсээ асууж байгаа учраас Монгол Улс цаашид ямар засаглалтай байх ёстой вэ гэдгээ давхар асууя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл ямар асуудлыг санал асуулгаар шийдвэрлэх, нэг удаа хэдэн асуудлаар санал асуулга явуулж болох зэргийг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд дараах байдлаар заажээ.

4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал:

4.1.Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна.

4.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно.

4.3.Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.

admin

Read Previous

Жилдээ 500-600 иргэнээ зам тээврийн ослоор алддаг гурван сая МОНГОЛЧУУД

Read Next

Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *