“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах уу

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын  хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор  “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байгааг тухайн үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байв. Тэрбээр “Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын чуулганаар оруулж холбогдох мэдээллийг танилцуулна. “Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын түгээмэл систем. Дэлхийн 13 улсад энэ систем ажиглагддаг жижиг луйврын асуудал хэмээсэн юм. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас 2016 оны зургадугаар сард худалдан авч, Монголын өмчийг эх оронд нь авчирлаа хэмээн зарлаж байсан “Монголын зэс корпораци” нь 49 хувийг худалдан авсан санхүүжилтээ төрөөс мөнгө зээлж 400 сая ам.долларын эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс авсан гэж мэдэгдсэн юм. Үүнийг  Зүүн Өмнөд Азид түгээмэл тохиолддог мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй хэмээж байв. Тухайн үед “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг албан байр, ажлын өрөө, орон гэрээс нь баривчлан саатуулж, мөрдөн байцаалт явуулсан.

Харин одоо онцгой дэглэмийг сунгах эсэхийг парламент шийдэх аж. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоох хугацааг эхний удаад Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоох бөгөөд уг хугацааг сунгахаар болвол саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх ёстой. Хоёр дахь удаагийн сунгах эрхийг УИХ мөн зургаа хүртэлх сараар өгдөг байна. Харин онцгой дэглэмийн хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаагүй буюу түүнийг дуусгавар болгох зохицуулалттай аж. 

УИХ-ын даргын зүгээс энэ сарын 30-ыг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдуулахаар захирамж гаргасан. Ингэхдээ ээлжит бус чуулганаар Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон юм. Тэгэхээр ойрын өдрүүдэд парламент уг онцгой дэглэмийг сунгах эсэх асуудлыг шийдэх юм. Мөн ЗГХЭГ-ын даргын зүгээс онцгой дэглэмийн хугацаанд ямар үйл явуулж, ямар үр дүнд хүрснээ тайлагнах биз ээ.

admin

Read Previous

Хонгконгийн үймээн ба БНХАУ-ын хувьсгалын 70 жилийн ой

Read Next

Алс Дорнодын нүүрсний стратеги ба Монгол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *