Ц.Жаргалантуул: Нийт хүүхдийн 84 хувийг ЦЭЦЭРЛЭГТ хамруулна

Энэ жил 12.000 гаруй хүүхэд цэцэрлэгт орж чадалгүй, цоожтой хаалганы цаана үлдлээ

НийгэмБоловсрол

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл энэ сарын 22-нд хаагдаж, тэнцсэн эсэх талаарх мэдээллийг тухайн хүүхдийн эцэг эхийнх нь гар утсанд илгээж дууссан.

Хүүхэд нь сугалаанд ялсан нь баярлаж, ялагдсан нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй хоцров. Ялангуяа Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, энэ асуудал намрын намарт эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. 

Энэ жил нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүмүүжихээр 2-5 насны 31.340 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 19.764 нь хоёр, 4918 нь гурав, 3525 нь дөрөв, 3133 нь таван настай аж.

Үүнээс ердөө 18.800-гийнх нь аз гийж цэцэрлэгтээ орж чадсан бол үлдсэн 12.000 гаруй хүүхэд  цоожтой хаалганы цаана гэртээ хүмүүжих, эсвэл өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хамрагдахаас өөр сонголтгүй болсон. 

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулахад, “Наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 минутын байдлаар 31,340 хүүхэд бүртгүүлсэн.  Цахим бүртгэлийн тухайд хаанаас ч бүртгүүлэх боломжтой байхаар боломжит нөхцөлийг нь эцэг эхчүүдэд олгож өгсөн гэдгээрээ онцлогтой.

Цахим элсэлтээр бүртгүүлсэн хэр нь  сонгогдоогүй хүүхдүүд нөөцөд үлдсэн. Бид эдгээр хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд дэмжлэг үзүүлж байгаа. Энэ оны гуравдугаар сард анхны төгсөлтийг аваад цэцэрлэгүүдэд зөвшөөрөл олгож, энэ сарын 10 хүртэл хүсэлт аваад 26 цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Удахгүй Засаг даргын захирамжаар батлагдана. Манай төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн тоо нэмэгдэж байгаа ч хүчин чадлаа гүйцэд ашиглаж чаддаггүй. Нийт хүүхдийн 10 орчим хувийг нь л цэцэрлэгт хамруулдаг.  Тиймээс Нийслэлийн засаг даргын захирамжаар жилд 3087 хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулж байна. Эдгээр хүүхдүүд төрийн өмчийн цэцэрлэгтээ яг адилхан нөхцөлөөр сурна. Ингэхдээ тухайн цэцэрлэгт хувьсах зардал болон хоолны мөнгийг нь өгч байхаар шийдвэрлэсэн. Мөн томоохон компани, төрийн байгууллагуудын дэргэд байгууллагын цэцэрлэг  байгуулж, ажилчдынхаа хүүхдүүдийг сургаач ээ гэсэн санал тавьсан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар байгууллагын дэргэдэх 13 цэцэрлэг ажиллаж байна. Тухайн цэцэрлэгүүд хамгийн ойрхон байрлах төрийн өмчийн цэцэрлэгийнхээ нэг бүлэг байдлаар ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, байгууллага нь цэцэрлэгийн байраа гаргаж, ажиллах багш боловсон хүчин, үйл ажиллагаа нь яг төрийн цэцэрлэг шиг явж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар байгууллагын цэцэрлэгт нийт 1300 хүүхэд хамрагдаж байна. Энэ бүх нөөц бололцоогоо ашиглаад энэ жил цэцэрлэгийн элсэлтэд нийт хүүхдийн 84 хувийг нь хамруулах зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.

admin

Read Previous

609 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Read Next

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорилоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *